
Испанийн эсрэг Нидерландчууд бослого гаргасан тухай òэдний баатарлаг тэмцлийн түүх юунд хүргэснийг ойртож танилцах нь зүйтэй юм. Америкийн Джон Л.Мотлиэрх чөлөөний төлөө хийсэн тэр тэмцлийн тухай сайхан ном бичиж, түүний тухай сэтгэл догдлом, уран сайхан өгүүлжээ. Гурван зуун тавин жилийн өмнө Европын энэ хэсэгт болсон үйл явдлын тухай тэгж сэтгэл хөдлөм сайхан өгүүлсэн шиг тийм роман ч байдгийг би мэдэхгүй юм.
«Голландийн бүгд найрамдах улс байгуулагдсан нь» гэсэн нэртэй тэр номыг би шоронд байхдаа уншсан юм.
Нидерланд бол Голланд ба Бельги хоёрыг нэгтгэж байв. Түүнийг («Доод газар») хэмээн нэрлэсэн нь угаас тэр нутаг нам дор газар байсан гэсэн үг юм.
Нидерландийн нутгийн үлэмж хэсэг далайн төвшнөөс дор байдаг бөгөөд Умардын тэнгисээс асар их ханан хаалтаар хашигдсан байдаг.
Ямагт далай тэнгистэй тэмцэлдэгч тэр орноос зоригт далайчид төрөн гарсан бөгөөд далайгаар аялагч хүмүүс худалдаа арилжаа хийх нь их байлаа.
Тийм учраас Нидерландийн оршин суугчид худалдаачин хүмүүс байв. Тэд ноосон нэхмэл, бусад эдлэл үйлдвэрлэж, Дорнодоос халуун ногоо авдаг байлаа. Брюгге, Гент ялангуяа Антверпен зэрэг баян тансаг, хөл хөдөлгөөн ихтэй хотууд бий болж байв.
Дорнодтой хийх худалдаа өргөжсөнөөр тэдгээр хот улам баяжиж арван зургадугаар зууны үед Антверпен Европын худалдааны төв болсон байв.
Антверпений худалдааны зах дээр өдөр бүр таван мянгаад худалдаачид цугларан худалдаа наймааны хэлэлцээ хийж, түүний усан буудалд хоёр мянга таван зуугаад хөлөг онгоц нэг дор зогссон байдаг хэмээн ярилцдаг юм.
Өдөрт бараг таван зуун хөлөг онгоц Антверпенд ирж явж байжээ. Хотуудын захиргаад худалдаачдын хяналтад байдаг байжээ.
Энэ бол Шинэтгэлийн шашны санаа асар их хүчтэй нөлөөлсөн тийм маягийн худалдааны нийгэмлэг байлаа. Тэнд, ялангуяа умард хэсэгт нь протестант шашны үзэл ихээхэн дэлгэрчээ.
Гэвч хуурамч өвлөх эрх олж авснаар Габсбургийн угсааны Карл V, дараа нь түүний хүү Испаний эзэн хаан Филипп II Нидерландыг захирах болжээ. Тэдний аль аль нь улс төрийн буюу шашны эрх чөлөөг огтхон ч эдлүүлдэггүй байв. Филипп хотууд хийгээд шинэ шашны эрх дархыг устгахыг хичээж байлаа.
Тэр балмад хэрцгийгээрээ нэрд гарсан ван Альбаг Нидерландад төлөөний түшмэлээр илгээжээ. Эрүүдлэгийн хууль гаргаж «Цуст зөвлөлийн» шийдвэрээр мянга мянган хүнийг галдан шатаах буюу цаазлан хороож байжээ. Тэр бол урт түүх учир би энд цөмийг тоочиж эс чадъюу.
Испанийн дарангуйлал хүчтэй болохын хэрээр ард түмний тэмцэх хүч ундран өсөж байв. Вильгельм Молчаливый гэдэг нэрээр алдаршсан Вильгельм Оранский гэдэг хун тайж ард түмний ухаант жолоодогч болон гарч ирсэн нь тэдннй дайсан Альбагаас аль ч талаар давуу хүн байлаа.
1568 онд гаргасан *Эрүүдлэгийн хууль* гэгдэх нэг шийдвэртээ нэр заасан хэдхэн цөөхөн хүнээс бусад бүх Нидерландичуудыг буруу номтой хэмээн үзэж цаазаар аваачих гэжээ.
Энэ бол гурав-дөрөвхөн мөр үгээр гурван сая хүнийг алахаар заасан түүхэнд байгаагүй хамгийн харгис шийдвэр байв.
Эхний үед Нидерландийн тайж нар, Испанийн хаад хоорондоо л тэмцэлдэж байна гэж бодохоор байв. Ер нь ч бусад орны хаад язгууртны хооронд болдог шиг л тийм маягийн тэмцэл байв.
Альба тэднийг нухчин дарахыг хичээж, олон сурвалжитныг Брюссельд цаазлан хороож байжээ. Цаазлагдсан тайж нарын дотор хамгийн их нэрд гарсан хүний нэг нь гүн Эгмонт байлаа.
Хожим нь Альбад их мөнгө хэрэгтэй болсон учир дахин хүнд албан татвар ногдуулах гэж оролджээ. Тийнхүү тэр худалдаачдын халаасанд гар дүрсэн тул тэд бослого гаргажээ.
Үүний хажуугаар бас католикууд, протестантуудын хооронд тэмцэл хурцаджээ. Испани сүр хүчиндээ бардамнасан хүчирхэг гүрэн байлаа. Нидерланд тайж язгууртныг хоослон ядууруулсан худалдаачдын оршин суух хэдхэн мужийн дайтай улс байлаа.
Энэ хоёр улсыг хооронд нь зүйрлэхийн аргагүй ажээ. Тэглээ ч гэсэн Испани Нидерландийг дарна гэдэг хэцүү асуудал байлаа.
Нэг бус удаа цус урсгаж, бүхэл бүтэн нутаг орны хүн амыг газрын хөрснөөс хүйс тэмтрэн зайлуулж байв.
Альба хотуудыг дараа дараалан бүслэн хааж байжээ. Цэрэг дайны сургуульгүй хотын иргэд, заримдаа бүр эмэгтэйчүүд өлсгөлөнд автаж эцсийнхээ хүчийг барагдтал Альбагийн туршлагатай цэргүүдийн эсрэг газар дээр, усан дээр тэмцэн тулж байжээ.
Голландичууд испанийн дарлалд орсонд орвол эрхэмлэж хайрладаг бүх зүйлээ устгасан нь дээр гэж үзэж испанийн цэргийг хөөн зайлуулахын тулд далангуудыг эвдэж Умард тэнгисийн усаар газар нутгаа усанд авахуулж байжээ. Тэмцэл удаашран үргэлжлэх тусам улам ширүүсэж хоёр тал аль аль нь ер бишийн харгис догшныг үйлдэж байжээ.
Гайхамшигт үйл явдлууд болж байв. Үүнд: бүслэгдсэн сайхан Гарлем хот баатарлаг зоригтой тэмцэж эцсээ хүртэл хотоо хамгаалсан боловч испанийн цэрэг алж талан, тонон дээрэмдээд дуусжээ.
Даланг урсгасны хүчээр аврагдсан Алкмар хот мөн л тийм болжээ. Түүнчлэн Лейден хот дайсанд бүслэгдсэнээс болж өлсгөлөн өвчин тахал гарч олои мянган хүн үхэж үрэгджээ.
Лейденд хотын модны ногоон навчийг нэгийг ч үлдээлгүй хүн иджээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бас юм олж идэх гэж хог дээр өлөн ноходтой тэмцэлддэг байжээ.
Тэд тийнхүү тэссээр байлаа. Хүмүүс турж эцэн өлбөрч үхэж байсан ч гэсэн хэрмийн ханын цаанаас дайсанд заналхийлэл учруулан, нохой, үхэр хулгана, ер нь юу ч идсэн хамаагүй, харин бууж л өгөхгүй гэж испаничуудад мэдэгдэж байжээ.
«Биднээс бусад амьд бүхэн үхэж сөнөлөө ч гэсэн бид бүхэн харь нутгийн дарангуйлагчдаас эмэгтэйчүүдээ, эрх чөлөөгөө, шашнаа хамгаалахын тулд зүүн гараа идээд баруун гараа үлдээх болно гэдгийг санах хэрэгтэй.
Хэрэв хаад ноёд уур хилэн нь бадарч биднийг үхэл зовлонд учруулан, бидэнд туслахаас татгалзах аваас та нарыг хотод оруулахгүйн тулд эцсээ хүртэл тэмцэх болно. Бид эцсийц мөчиндөө хүрээд өөрсдийн гараар хотоо шатааж, та нарт гал голомтоо доромжлуулж, эрх чөлөөгөө устгуулахгүйн тулд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд цөм дүрэлзсэн гал руу орж үхэх болно» гэж байлаа. Лейден хотынхон тийм зориг шийдмэг байжээ.
Гэвч өдөр хоног өнгөрсөөр байсан боловч тусламж ирээгүй тул тэд аргаа баран Голландийн мужуудад байдаг хань нөхдөдөө мэдээ явуулжээ.
Тэгтэл муж улсууд нь Лейденг дайсны гарт өгсөнд орвол хайрт орноо усанд живүүлсэн нь дээр. «Улс орноо алдсанд орвол усанд живүүлсэн нь дээр» гэсэн зоригтой шийдвэр гаргасан байлаа.
Тэгээд тэд хүнд гамшиг зовлонд учраад байсан ах дүүгийн барилдлагаат Лейденд: «Лейден чамайг золиос болгосонд орвол нийт улс орноо, өгөөмөр их баялгаа усанд живж мөхөхийг үзсэн нь дээр гэж бид хэлэлцэн тохирлоо!» гэсэн хариу өгсөн ажээ.
Эцсийн мөчид усны далангууд дараа дараалан сэтрэн онгойж салхины аясаар халин орж ирсэн тэнгисийн усаар хүнсний зүйл болон тусламжийн зүйл ачсан голландийн хөлөг онгоцууд орж ирсэн байна. Шинэ дайсан болох тэнгис далайгаас айсан Испанийн цэрэг төдхөн ухран зайлсан ажээ.
Тийнхүү Лейден хот тэсэн гарч чадсан ба түүний оршин суугчдын баатарлаг зоригийн дурсгалд зориулан 1575 онд Лейдений алдарт их сургуулийг үндэслэн байгуулсан түүхтэй. Тийм баатарлаг түүхт явдал маш олон гарч байсан, бас цуст яргалга ч их болж байжээ.
Антверпен гэдэг сайхан хотод аюумшигт их алаан хядаан болж найман мянган хүн алагджээ. Тэр үйл явдлыг «Испанийн галзуурал» хэмээн нэрлэдэг болжээ. Гэвч тэр түүхт их тэмцэл Өмнөд Нидерландид биш, харин гол төлөв Голландид болж байжээ. Испанийн эрх баригчид хахуульдах, албадах арга хэрэглэн нидерландийн олон тайжийг өөрийн талд оруулж, тэдний гараар эх орон нэгтний нь даруулж байв.
Нутгийнх нь өмнөд хэсэгт протестантуудыг бодвол католик шашинтан илүү олон тоотой байсан явдал испаничуудад их тус болжээ. Тэд католик шашинтнуудыг өөрийн талд оруулах гэж их хичээж, зарим үед амжилт олж байв.
Тайж нар яасан гэж санана! Тэд төрөлх эх орон нь үхлийн аюулд ороод байхад испанийн хаанаас өршөөл энэрэл, эд баялаг горилон шившигтэй муухайгаар урван тэрсэлжээ.
Вильгельм Оранский Нидерландийн Ерөнхий штатад хандан хэлсэн үгэндээ: «Нидерландчууд нидерландчуудын тусламжтайгаар л дарагдахад хүрч байна. Гүн Альба гайхуулаад байгаа тэр хүчийг та нараас, нидерландийн хотуудаас авахаас өөр хаанаас авах билээ? Тэр хаанаас хөлөг онгоц, буу зэвсэг, мөнгө, цэрэг авч байна вэ? Нидерландийн оршин суугчдаас л авч байгаа юм» гэсэн байв. Тийнхүү испаничууд эцсийн эцэст Нидерландийн нутгийн нэг хэсгийг булаан авсан нь одоогийн Бельгийн нутаг юм.
Харин тэд хэчнээн чармайлт тавьсан ч гэсэн Голландийг эзэлж чадаагүй билээ. Гэхдээ тэр удаан тэмцлийн бараг эцэст хүртэлх явцад голландчууд испанийн хаан Филипп II-т үнэнч хэвээр байсан нь сонин юм шүү.
Хэрэв эрх чөлөөтэй байхыг нь л хүлээн зөвшөөрөх юм бол тэд Филиппийг хаан хэвээр байлгахад бэлэн байжээ. Тэгээд бүр эцэстээ тэд арга буюу түүний хаан байхыг татгалзсан ажээ. Тэд өөрийн их жолоодогч Вильгельмийг хаанд өргөмжилсөн боловч тэр хаан болохоос татгалзжээ.

Аргагүй нөхцөл байдлын эрхээр Голланд бүгд найрамдах улс болжээ. Тэр үед хэмжээгүй эрхт ёсны уламжлал тийм хүчтэй байсан ажуу. Голландид тэмцэл олон жил үргэлжилжээ.
Бүр 1609 онд Голланд тусгаар тогтносон улс болжээ. Тэгэхдээ тэмцлийн хамгийн ширүүн үе нь 1567—1584 онуудын үе байв.
Испанийн хаан Филипп II Вильгельм Оранскийг ялж чадахгүй болохоор түүнийг хөнөөлгөхөөр хөлсний алуурчин явуулсан байна.
Түүнийг алсан хүнд шагнал өгнө гэдгийг Филипп олны өмнө амласан ажээ. Тэр үед Европт ийм л ёс суртал байжээ. Вильгельмийг алах гэж хэд хэдэн удаа оролдоод чадсангүй.
Тэгж тэгж 1584 онд зургаа дахь удаагийн оролдлого бүтэж, Голланд даяар «эцэг Вильгельм» хэмээн хүндлэн нэрлэдэг ч тэр их хүн амь эрсэджээ.
Гэвч тэр зорьсондоо хүрчээ.
Голланд орон хохирол, зовлон амссан ч гэсэн тусгаар тогтносон бүгд найрамдах улс болж чаджээ.
Хэрцгийлэл, дарангуйллыг эсэргүүцсэн эсэргүүцэл улс орон, ард түмний нь сайн сайхны зүг хөтлөн байлаа.
Тэд хатуужин бэхэжжээ.
Тийнхүү Голланд итгэл төгс явж хүчээ аван авсаар тэнгисийн их гүрэн болон хувирч, Алс Дорнодод эзлэн түрэмгийлж эхэлжээ.
Харин Голландиас тасарсан одоогийн Бельги испаничуудын эрхшээлд хэвээр үлдсэн байна.
Мэдээллийн эх сурвалж: Ж.Неру: Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл номноос:

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: